Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн хийж гүйцэтгэсэн судалгаануудын талаарх мэдээллийг судалгаа цэснээс татаж аваарай.
 


 

ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ САРЫН 1.0 ХУВЬТАЙ БОЛГОЛОО

01/10/2018
by Мөнхтулга Админ
Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах чиглэлээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Монголбанк болон арилжааны банкуудтай хамтран ажиллаж ирсэн. Банкны удирдлагуудтай уулзаж, яриа хэлцэл хийж, боломж бололцоог тал талдаа судалж ажилласны үр дүнд 2018.01.05 өдөр хамтран ажиллах харилцан ойлголцын санамж бичг байгуулж гарын үсэг зурлаа.
Ингэснээр тэтгэвэр авагч ахмадуудынхаа санхүүгийн дарамтыг багасгах боломж бүрдэж буй бөгөөд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс онцгой нөхцөлтэйгээр арилжааны банкинд гэрээний дагуу эх үүсвэр байршуулах замаар тэтгэврийн зээлийн хүүг сарын 1.0, жилийн 12.0 хувь болгон тогтоож, хугацааг 12 сар болгон уртасгав. Энэ шийдвэрийг энэ сарын 16-наас хэрэгжүүлэхээр ХААН банк, Төрийн банктай харилцан тохиролцлоо. Түүнээс гадна сарын тэтгэврийн 70 хувийг зээл болон хүүгийн төлбөрт суутгаж үлдэх 30 хувийг тэтгэвэр авагч сар бүр авах зохицуулалтыг оруулж өгсөн нь зээл авсан ахмад настан тэтгэврийн мөнгөө бүтнээр нь зээлийнхээ төлбөрт өгч гар дээрээ ямар ч мөнгөгүй үлддэг байсныг өөрчилж тодорхой орлоготой байх нөхцөлийг бүрдүүлж буй юм.
Зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгах, тодорхой хэсгийг нь үлдээж байх зэрэг санал манай яамны нэр дээр олон ирдэг. Хэдийгээр өмнө нь хүүг бууруулсан ч зургаан сараас доош хугацаагаар авч байгаа зээлд хамаарахаар зохицуулсан нь ахмадуудын хэрэгцээг хангаж чадахгүй байсан юм билээ. Тиймээс энэ асуудлыг банкны салбарынхантай дахин дахин ярилцаж ийм шийдэлд хүрсэн юм. Энэ бол эхний алхам. Цаашид ямар боломж байгааг хамтдаа судалж, хэрэгжүүлэхээр тохиролцсон юм.