ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ШИНЭ САЙД ТАМГАА ГАРДЛАА



Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдож, тангарагаа өргөсөн Аюушийн Ариунзаяа өнөөдөр тамгаа гардаж авлаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны тамга, тэмдгийг салбарын сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн С.Чинзориг гардуулав.

Тамга гардуулахад УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ болон ХНХЯ-ны удирдлагууд, харьяа агентлагийн дарга нар оролцлоо.

Л.Оюун-Эрдэнэ сайд шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллахаар томилогдсон А.Ариунзаяа сайдад амжилт хүсч, ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн МАН-ын Мөрийн хөтөлбөр амжилттай биелэхэд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын зөв бодлого чухал ач холбогдолтойг дурдаад Ерөнхий сайд У.Хүрэлсүх эхний 100 хоногт хийхээр төлөвлөсөн хоёр ажлын нэг нийгмийн даатгалын шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлж, “Хуримтлалын нэгдсэн сан” байгуулан иргэн бүр нэрийн дансандаа бодит хуримтлалтай болох тогтолцоог бий болгоход хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхны үүрэг оролцоо чухал гэдгийг онцолсон юм.

УИХ-ын гишүүн С.Чинзориг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр гүйцэтгэх засаглалын тэргүүн кабинетийнхаа бүрэлдэхүүнийг УИХ-д танилцуулан, захирамж гарган томилдог болсны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ирж буй А.Ариунзаяад амжилт хүсээд 2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлийн зорилтууд амжилттай биелэхэд салбарт ажиллагсдын хичээл зүтгэлийн үр дүнд амжилттай хэрэгжсэнийг онцлоод хамт олондоо талархал илэрхийлж, шинэ сайдаа дэмжиж ажиллахыг захилаа.

Шинээр томилогдсон сайд А.Ариунзаяа өмнөх сайд С.Чинзориг болон яамны хамт олонд хандаж хэлсэн үгэндээ МАН-ын сонгуулийн ялалтад Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүнд чиглэсэн бодлогуудыг амжилттай хэрэгжүүлсэн нь чухал нөлөө үзүүлснийг тэмдэглээд ирэх он жилүүдэд хамтдаа илүү ихийг бүтээх итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр тооцоо судалгаанд суурилсан ажил амжилттай явдаг зарчмаар хандаж салбарын хэмжээнд нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх, үйлчилгээг иж бүрэн цахимжуулахад анхаарч ажиллахаа хэлсэн.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон А.Ариунзаяа 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 1996-1999 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, ХБНГУ-д коллеж төгсөж, 1999-2005 онд ХБНГУ-ын Хановерийн их сургуульд улс төр, нийгэм, түүх судлалаар мастер, 2014-2015 онд Удирдлагын академид төрийн захиргааны менежментээр магистрын зэрэг хамгаалсан.

Тэрбээр 2005-2015 онд "Монгол даатгал” компанид хүний нөөц, даатгалын менежер, 2013 оноос МАН-д Намын байгуулалт, стратеги, төлөвлөлтийн газрын дарга, Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга, Нийгэм, эдийн засгийн бодлогын газрын даргаар, 2016 оноос Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллаж байсан юм.

Эх сурвалж: ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ



БУСАД МЭДЭЭ

08/07/2020
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах тал дээр анхаарч ажиллана
08/06/2020
НҮБ-ын Хүүхдийн сантай, хүүхэд хамгааллын үйлчилгээ болон халамж үйлчилгээг сайжруулах тал дээр хамтарч ажиллана
07/31/2020
А.Ариунзаяа: Залуучуудыг орон сууцаар хангахаас гадна ажлын байраар хангаж, үүнд анхаарч байгаа нь маш чухал
07/22/2020
Инфографик: “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай” тогтоолын танилцуулга
07/20/2020
Инфографик: Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн танилцуулга
06/19/2020
Гэр бүлийн хүчирхийлэлийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төв Нийслэлийн Чингэлтэй болон Сүхбаатар дүүргүүдэд шинээр нээгдлээ
06/12/2020
Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхийг хангах нь
06/01/2020
ХҮҮХДИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
05/25/2020
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт мөрдөгдөж эхэллээ
05/15/2020
ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ