Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх II багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн билээ.
Энэ хүрээнд дараах хөтөлбөр, арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд:
- 0-18 насны хүүхэд бүрт олгох хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд сар бүр 100.0 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх;
- Хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхөд олгож байгаа хүнсний эрхийн бичгийн үнийн дүнг хоёр дахин өсгөж 2020 оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд нэг хүүхдэд 16.000 төгрөг, насанд хүрсэн нэг гишүүнд 32.000 төгрөгт хүргэж тус нэмэгдүүлэх;
- Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэврийн хэмжээг 2020 оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд сар бүр 288.000 төгрөгт хүргэж нэмэгдүүлэх.
Мөн энэ арга хэмжээнд нийгмийн халамжийн сангаас 188.0 мянган төгрөгийн тэтгэвэр болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж авдаг дараах бүлгийн иргэд хамрагдана. Үүнд:
- Эрэгтэй 60, эмэгтэй 55 болон түүнээс дээш настай иргэн;
- Насанд хүрсэн одой иргэн;
- Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн;
- Тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд;
- 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэг;
- Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхэд.
Энэхүү арга хэмжээ нь короновируст халдварт цар тахлын үед төрийн анхаарал халамж зайлшгүй шаардлагатай өрх, иргэдийн санхүүгийн дарамтыг бууруулж, өдөр тутмын хүнсний наад захын бүтээгдэхүүн болон дархлаа дэмжих хүнсний нэмэлт бүтээгдэхүүний хэрэгцээг хангахад бодит дэмжлэг болох юм.