ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 2019 ОНЫ ТӨЛӨВ


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт нь салбарын яамны дэргэд хүн амын хөгжил, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын талаар төрөөс баримтлах бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэдэг төрийн байгууллага. Тус институт нь жил бүрийн 1 дүгээр сард тухайн оны Хөдөлмөрийн зах зэллийн төлөв, байдлыг бодлого боловсруулагч, эрдэмтэн, судлаачдад танилцуулдаг. Өнөөдөр институтээс “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа”, “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа”–ны ажлын үр дүнг 2019.01.31 өдөр танилцуулах гэж байна.

ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТИЙН БАРОМЕТРИЙН СУДАЛГАА

Тус судалгааны зорилго нь нэг жилийн хугацаанд /2019.01-2019.12/ хөдөлмөрийн зах зээлийн ажиллах хүчний эрэлт буюу хэрэгцээтэй байх ажлын байрыг эдийн засгийн салбараар, ажил мэргэжлийн ангиллаар болон бүсээр тодорхойлон, салбарын бодлого боловсруулагчид болон бусад хэрэглэгчдийг мэдээллээр хангахад оршдог. Судалгааг ҮСХ-ны Бизнес регистрийн санд бүртгэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 2636 ААНБ-ыг тусгай арга, аргачлалын дагуу түүвэрлэн, хамруулсан бөгөөд үр дүнг түүврийн эх олонлогт тархаан тооцсон болно. 2019 онд хөдөлмөрийн зах зээлд 69.4 мянган ажлын байр бий болох хүлээлттэй байгаа нь өмнөх оноос 6.9 хувиар агшсан үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч уг эрэлт нь нийт ажиллагчдын тоог 5.6 хувиар өсгөх боломж олгох юм. Судалгаагаар ажиллах хүчний нийт эрэлтийн 65.2 хувь нь байнгын ажлын байр буюу хөдөлмөрийн зэх зээл энэ хэмжээгээр тэлэх боломжтой юм. байна. Харин 34.8 хувь нь сул ажлын байр буюу тэтгэвэрт, жирэмсний амралт, суралцахаар явагчдын орны орон тоо байх юм. Нийт эрэлтийн 25.5 хувь буюу 17700 ажлын байр барилгын салбарт, 19.0 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, 14.8 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт бий болохоор байна. Иймээс дээрх салбарууд 2019 оны хөдөлмөрийн зах зээлд голлох эерэг нөлөөг үзүүлэх юм. Харин усан хангамж; бохир ус, хог, хаягдлын менежмент болон цэвэрлэх үйл ажиллагаа, цахилгаан, хий, уур, агааржуулалтын хангамжийн үйл ажиллагааны салбар, урлаг үзвэр, тоглоом наадам, санхүүгийн болон даатгалын үйл ажиллагаа, үйлчилгээний бусад үйл ажиллагаа, мэдээлэл, холбоо, хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарууд хөдөлмөрийн эрэлтэд хамгийн бага нөлөөтэй байхаар байна. 2018 онд хөдөлмөрийн зах зээлд зохих мэргэжилтэй ажилтан олдоогүйгээс шалтгаалан 18.2 мянган ажиллах хүчний хомсдол бий болсон бөгөөд бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбар, боловсруулах үйлдвэрлэл, барилгын салбар хамгийн ихээр энэхүү хомсдолд өртсөн байна. Ажил олгогчид шинээр ажилтан авч ажиллуулахад хамгийн их тохиолддог бэрхшээлд дараах зүйлсийг дурджээ. Ажил олгогчдын 22.2 хувь нь ажил хайгчийн ажлын туршлагагүй байдал хамгийн их бэрхшээл болдог гэж үзсэн бол 18.2 хувь нь ажлын байранд тогтвортой ажиллах хүсэлгүй байх, 17.1 хувь нь ажлын байрны орчин нөхцөл, цалин хөлс голдог гэж дурджээ. Эдгээр хүндрэл бэрхшээл жил бүрийн судалгаагаар удаа дараа нэрлэгдсээр байгааг анхаарах хэрэгтэй.

2019 оны ажиллах хүчний эрэлт, салбарын ангиллаар /мян/

Судалгаагаар хөдөлмөрийн зах зээлд хамгийн өндөр эрэлттэй байгаа ажил, мэргэжлийг тодорхойлдог. 2019 оны хөдөлмөрийн зах зээлд засалчин, шаварчин, барилга угсралтын туслах ажилтан, барилгын мужаан, арматурчин, цахилгаанчин зэрэг барилгын салбар идэвхжихтэй холбогдуулан МБСБ-аар бэлтгэгддэг мэргэжилүүд өндөр эрэлттэй байна. Мөн оёдолчин, эсгүүрчин, тогооч, худалдагч зэрэг МБСБ-аар бэлтгэгддэг ажил мэргэжил эрэлттэй хэвээр байна. Харин дээд боловсрол шаарддаг инженер, их эмч, нягтлан бодогч, эм зүйч, бага ангийн багш зэрэг мэргэжлийн ажиллах хүч эрэлттэй байна. Түүнчлэн үйлдвэрлэл, аж ахуйн туслах ажилтан, хамгаалагч, техникийн туслах ажилтан зэрэг тусгайлсан мэргэжил шаардахгүй энгийн ажил мэргэжил эрэлттэй байх төлөв ажиглагдлаа.

Судалгаанаас дараах зөвлөмжийг тодотгосон:

- Жил бүр хөдөлмөрийн зах зээлд шинэ ажлын байрны эрэлт өсөж байгаа нь хөдөлмөрийн зах зээлийн хүрээ нэмэгдэх боломж байгааг харуулж байна;
- Жил бүр эрэлт өндөр байхаар тодорхойлогддог, ойрын ирээдүйд эрэлт өсөж буй ажил мэргэжлийн нийлүүлэлтэд баримжаалсан хөдөлмөр эрхлэлтийн бодлого, шийдвэрийг чиглүүлэх шаардлагатай байна;
- Манай улсын хөдөлмөрийн нөөц дэх бүрэн дунд болон түүнээс доош боловсролтой, мэргэжилгүй, ажлын туршлагагүй залуу ажиллах хүчинд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн сургалт, давтан сургалтын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгцээ өндөр байна;
- Төрийн болон хувийн хөдөлмөр зуучлалын байгууллагуудын үйлчилгээний чанар, хүртээмжийг ажилгүй иргэдийн тархалтай уялдуулан сайжруулах, ажлын байрны зуучлалын үйл ажиллагааны олон талт хэлбэрийг сонгох, тогтмол зохион байгуулах. Хөдөлмөр эрхлэлт, зуучлалын төвийн үйл ажиллагааг олон нийтэд, тэр дундаа залуусын дунд байнга сурталчлах. Мөн тухайн жилийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт өндөртэй эдийн засгийн салбарын ААНБ-тай нягт хамтран ажиллах, харилцааг өргөжүүлэх хэрэгцээ байна;
- Ажил олгогчдын хүсэж буй зөөлөн ур чадварыг ЕБС, дээд болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын сургалтаар эзэмшүүлэх, төлөвшүүлэхэд анхаарах, мөн хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлбэл зохино;
- Ажиллагчдад шаардагдаж буй мэргэжлийн болон зөөлөн ур чадварын талаар нарийвчлан судлах, бүх шатны сургалтын хөтөлбөрт тусгах асуудлыг анхаарах хэрэгтэй;
- Ажлын байранд зуучлагдсан иргэдийг байгууллагын шинэ соёлд дасан зохицох, тогтвортой, суурьшилтай ажиллахад нөлөөлөх зорилго бүхий зуучлалын дараах сургалтын модулийг хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага өндөр байна.

СУДАЛГААНЫ ТАЙЛАНГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ
СУДАЛГААНЫ ИЛТГЭЛИЙН PPT ФАЙЛ ТАТАХ

ТӨГСӨГЧДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН СУДАЛГАА

Судалгааны зорилго нь төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, хөдөлмөрийн зах зээл дэх өөрчлөлт, ажлын байранд зуучлагдаж буй хэлбэр, хугацаа, ур чадварын нийцэл, түүнчлэн ажлын байранд тулгарч буй болон ажилгүй байгаа шалтгаан зэргийг илрүүлэхэд чиглэгддэг. Тус судалгааны онцлог нь 2015-2016 оны хичээлийн жилд их дээд болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын нийт 44.9 мянган төгсөгчдөөс 4909 төгсөгчдийг түүвэрлэн, судалгаанд 4 жил мөрдөн судалдаг панел судалгаа бөгөөд энэ жил 2 дахь удаагийн үр дүнгээ танилцуулж байна. Судалгааны дүнгээр төгсөгчдийн 70.2 хувь нь хөдөлмөр эрхэлж, 12.1 хувь нь ажилгүй, 17.7 эдийн засгийн идэвхгүй төлөвт байна. Сургуулийн төрлөөр нь тодруулбал их, дээд сургууль (ИДС) төгсөгчдийн 75.2 хувь нь, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага (МБСБ) төгсөгчдийн 62.3 хувь нь тус тус хөдөлмөр эрхэлж байна. Хөдөлмөр эрхэлж буй төгсөгчдийн 84.2 хувь нь байнгын, 11.6 хувь нь улирлын чанартай, 4.1 хувь нь түр ажлын байранд ажиллаж байна. МБСБ төгсөгчдийн 24.2 хувь нь, ИДС төгсөгчдийн 11.4 хувь нь түр болон улирлын чанартай ажлын байранд ажиллаж байна. ИДС төгсөгчдөөс барилга архитектурын мэргэжлийн чиглэлээр төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт хамгийн өндөр буюу 91.2 хувь байгаа бол тээвэр, бүх төрлийн инженер, нийгэм, эдийн засаг, компьютер, мал эмнэлэг, хууль эрх зүйн мэргэжлээр төгсөгчдийн 80.0-аас дээш хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Харин хүмүүнлэгийн ухаан, бизнесийн удирдлага, нийгмийн халамж, хангамжийн мэргэжлийн чиглэлээр 60 гаруй хувь нь хөдөлмөр эрхэлж буй нь хамгийн бага үзүүлэлт юм.


ИДС төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн чиглэлээр


Бизнесийн удирдлага мэргэжлээр нийт төгсөгчдийн дөрвөн хүн бүрийн нэг нь төгсөж байгаа ч хөдөлмөр эрхлэлт нь төдийлөн сайн биш байгааг анхаарах хэрэгтэй юм. МБСБ төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг мэргэжлийн чиглэлээр харахад эрүүл мэндийн салбарын мэргэжлийн чиглэлээр төгсөгчдийн 82.3 хувь, эрчим хүчний салбарын мэргэжлийн чиглэлээр төгсөгчдийн 78.8 хувь, тээврийн салбарын мэргэжлээр төгсөгчдийн 68.8 хувь, уул уурхайн салбарын мэргэжлийн чиглэлээр төгсөгчдийн 67.4 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа нь бусад салбарын мэргэжлээр төгсөгчидтэй харьцуулахад өндөр байна. Харин мэдээлэл технологи, ХАА, байгаль орчин аялал жуулчлал зэрэг салбарын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт хамгийн бага байна.

МБСБ төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн чиглэлээр


Төгсөгчид хөдөлмөр эрхэлж байгаа нь чухал хэдий ч тэд сургуульд суралцаж, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байгаа эсэхийг тандан, шинжлэх хэрэгтэй юм.
2018 онд ИДС төгсөгчдийн 75.2 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаагийн 69.1 хувь нь мэргэжлээрээ хөдөлмөр эрхэлж байна. Тэднийг төгссөн мэргэжлийн чиглэлээр нь тодруулбал анагаах ухааны мэргэжлийн чиглэлээр төгсөгчид хамгийн өндөр буюу 87.5 хувь нь, мал эмнэлэг, барилга архитектур, багш боловсрол судлал, урлаг, тээвэр зэрэг мэргэжлийн чиглэлээр төгсөгчдийн 70 гаруй хувь нь мэргэжлээрээ хөдөлмөр эрхэлж байна. Харин байгаль хамгаалал, нийгмийн халамж, хангамж, биеийн тамир, спортын мэргэжлийн чиглэлээр төгсөгчдийн мэргэжлээрх хөдөлмөр эрхлэлт хамгийн бага, 50 ба түүнээс доош хувь байна.
2018 онд МБСБ төгсөгчдийн 62.3 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаагийн 53.0 хувь нь мэргэжлээрээ хөдөлмөр эрхэлж байна. Эрүүл мэндийн салбарын мэргэжлээр төгсөгчдийн мэргэжлээрх хөдөлмөр эрхлэлт хамгийн өндөр буюу 90.4 хувь нь байгаа бол эрчим хүчний салбарын мэргэжлээр төгсөгчдийн 79.8 хувь, үйлчилгээний салбарын мэргэжлээр төгсөгч, хөдөлмөр эрхлэгчдийн 65.0 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна. Харин мэдээллийн технологи, аялал жуулчлал, уул уурхайн салбар, барилгын салбарын мэргэжлийн чиглэлээр төгсөгчдийн мэргэжлээрх хөдөлмөр эрхлэлт хамгийн бага 48 ба түүнээс доош хувьтай байна.
2017 онд мэргэжлээсээ өөр чиглэлээр ажилладаг байсан ИДС төгсөгчдийн 11.5 хувь нь мэргэжлийн дагуу ажил руу шилжиж, харин мэргэжлийн ажлаа хийдэг байсан ИДС төгсөгчдийн 11.0 хувь нь ямар нэг шалтгаанаар мэргэжлийн бус ажилруу шилжсэн байна. МБСБ төгсөгчдийн 29.1 хувь нь мэргэжлийн бус ажил хийсэн хэвээр байгаа бол 15.3 хувь нь мэргэжлийн дагуу ажлаас гарч мэргэжлийн бус ажилд оржээ. Эрүүл мэндийн салбарын мэргэжлээр төгсөгчдийн 86.8 хувь нь, эрчим хүчний салбарын мэргэжлээр төгсөгчдийн 75.4 хувь нь эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ажилладаг хэвээр байгаа бол мэдээллийн технологийн салбарын мэргэжлээр төгсөгчдийн 41.6 хувь, соёл урлагийн салбарын мэргэжлээр төгсөгчдийн 40.6 хувь нь мэргэжлийн бус ажил хийсэн хэвээр байна. Харин уул уурхай, боловсролын салбарын мэргэжлээр төгсөгчид мэргэжлийн бус хөдөлмөр эрхлэлт нэмэгдсэн харагдаж байна. Нийт төгсөгчдийн 12.1 хувь нь ажилгүй, ажил идэвхтэй хайж байгаа бөгөөд 33.6 хувь нь эрэгтэйчүүд, 66.4 хувь нь эмэгтэйчүүд байна. Сургуулийн төрлөөр нь авч үзвэл нь МБСБ төгсөгчдийн 16.8 хувь нь, ИДС төгсөгчдийн 9.2 хувь нь ажилгүй байна.
Ажилгүй байгаа ИДС төгсөгчдийг эзэмшсэн мэргэжлийн чиглэлээр нь харахад нийгмийн халамж, хангамж мэргэжлийн чиглэлээр төгсөгчдийн 16.7 хувь нь, ХАА мэргэжлийн чиглэлээр төгсөгчдийн 13.3 хувь нь, багш, боловсрол судлал мэргэжлийн чиглэлээр төгсөгчдийн 11.7 хувь нь, байгаль хамгаалал мэргэжлийн чиглэлээр төгсөгчдийн 11.0 хувь нь, бизнес удирдлага мэргэжлийн чиглэлээр төгсөгчдийн 10.7 хувь нь биеийн тамир, спорт, зарим төрлийн үйлчилгээний мэргэжлийн чиглэлээр төгсөгчдийн 10.5 хувь нь ажил эрхлээгүй байна.
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын нийт төгсөгчдөөс байгаль, орчин аялал жуулчлалын салбарын мэргэжлээр төгсөгчдийн 23.6 хувь нь, ХАА салбарын мэргэжлээр төгсөгчдийн 21.2 хувь нь, аж үйлдвэрийн салбарын мэргэжлээр төгсөгчдийн 20.8 хувь нь, мэдээллийн технологийн салбарын мэргэжлээр төгсөгчдийн 20.2 хувь нь, санхүү, бизнес, худалдааны салбарын мэргэжлээр төгсөгчдийн 18.6 хувь нь тус тус ажилгүй байна. Харин эрүүл мэндийн салбарын мэргэжлээр төгсөгчдийн 5.5 хувь нь ажилгүй байгаа нь хамгийн бага байна.
Ажил хайгаад олдоогүй төгсөгчдийн хувьд 23.9 хувь нь Улаанбаатарт, 76.1 хувь нь хөдөө, орон нутагт амьдарч байна. Ажилгүй залуучууд орон нутагт их байгаа нь ажлын байрны хүртээмжтэй шууд холбоотой. Ажилгүйдлийн шалтгааныг тодруулбал 30.0 хувь нь ажил хайгаад олдоогүй, 17.7 хувь нь мэргэжилд тохирох ажил олдохгүй, 9.5 хувь нь суралцдаг, 7.1 хувь нь цалин бага зэрэг шалтгаанууд зонхилж байна.

Судалгаанаас дараах зөвлөмжийг гаргажээ.

- Хоёр жилийн хугацааны туршид хөдөлмөр эрхлэлтийн түвшин сайжирсан харагдаж байгаа хэдий ч эдийн засгийн идэвхийн төлөвийн шилжилт хөдөлгөөн нэлээд байсан. Үүнээс харахад залуучуудыг тогтвор, суурьшилтай ажиллахад, тэдний ажлын нөхцөл байдал, цалин урамшууллыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгтэй байна;
- Орон нутагт ажилгүй залуучуудын дийлэнх нь байгаа бөгөөд ажлын байрны хүртээмж төдийлөн сайн биш байгаад тусгайлан анхаарах;
- Хөдөлмөр эрхэлж буй төгсөгчдөд мэргэжлийн онолын мэдлэгээс гадна гадаад хэл, компьютерын мэдлэг, баримт бичиг боловсруулах чадвар гол бэрхшээл байгаад анхаарч, энэ чиглэлийн сургалтын хөтөлбөрөө баяжуулах хэрэгцээ, шаардлага байна;
- Нийт төгсөгчдийн 20.0 орчим хувь нь төгссөнөөс хойш 24 сарын хугацаанд огт хөдөлмөр эрхлээгүй бөгөөд түүний дотор 3.7 хувь нь урт хугацааны ажилгүйдэлд шууд өртсөн байна. Ийнхүү урт хугацаанд ажилгүй байх нь ажил олоход улам хүндрэлтэй болдог тул тэдэнд зориулсан тусгайлсан, дахин мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах хэрэгцээ байна;
- Их, дээд сургуульд суралцагчдын цөөнгүй хувь нь бизнесийн удирдлага (2015-2016 оны хичээлийн жилд дээд сургууль төгсөгчдийн 4 төгсөгч тутмын 1 нь) мэргэжлийн чиглэлээр төгсөж байгаа бөгөөд тус мэргэжлийн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт төдийлөн сайнгүй буйг онцгойлон анхаарах шаардлагатай байна;
- МБСБ-аар бэлтгэгдэж буй компьютер, санхүүгийн чиглэлийн мэргэжлүүд нь хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвар сул, мэргэжлээрээ хөдөлмөр эрхэлж буй байдал бага байгааг анхаарах хэрэгтэй юм;
- Хөдөлмөрийн зах зээлд МБСБ-аас бэлтгэгддэг барилгын салбарын ажил мэргэжлүүд сүүлийн хэдэн жил эрэлттэй байгаа хэдий ч, тус мэргэжлээр төгсөгчдийн мэргэжлээрх хөдөлмөр эрхлэлт хангалтгүй байгааг анхаарах хэрэгтэй байна. Энэ нь нэг талаас ур чадварын үл нийцэл, нөгөө талаас ажлын байрны зуучлал хоёроос шууд шалтгаалж байх талтай юм. Иймээс энэхүү мэргэжлийн салбарын төгсөгчдийн асуудлыг тусгайлан судлах хэрэгцээ, шаардлага байна.

СУДАЛГААНЫ ТАЙЛАНГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ
СУДАЛГААНЫ ИЛТГЭЛИЙН PPT ФАЙЛ ТАТАХ

 ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйл, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон гаргасан тогтоол, тушаал, журмуудын хэрэгжилтийг судлах, дүн шинжилгээ хийх, хуулийн хэрэгжилтийг хангах арга замыг тодорхойлох нь энэхүү судалгааны зорилго юм. Бид НДЕГ, ТЕГ-ийн мэдээллийн сангаас Хөдөлмөрийн тухай хуулийн 111.1, 111.2 дугаар заалтыг хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын захиргааны тоон мэдээг авч дүн шинжилгээ хийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн (ХБИ)-ийг ажиллуулах өнөөгийн боломж, бололцоог тооцоолсон. Мөн ХБИ ажилуулж байгаа, төлбөр төлж буй болон хуулийг үл хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл болсон 117 ААНБ, хөдөлмөр эрхэлж байгаа болон ажил хайж буй 138 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамруулсан чанарын судалгааг бүсийн төлөөлөл болсон 4 аймаг, Улаанбаатар хотод хийж гүйцэтгэлээ. ҮСХ-ны 2017 оны мэдээгээр манай улсад нийт хүн амын 3.3 хувь буюу 103.6 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд (ХБИ) байгаа бөгөөд эдгээр ХБИ-ийн 94.7 мянга буюу 91.5 хувь нь 15, түүнээс дээш насныхан байна. НДЕГ-ын мэдээллийн санд 2018 оны 9 дүгээр сарын байдлаар 25, түүнээс дээш ажиллагчидтай буюу Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх нийт 5230 шимтгэл төлөгч байгууллага бүртгэлтэй байгаа юм. Мөн тус сангийн мэдээгээр хөгжлийн бэрхшээлтэй 7199 иргэн хөдөлмөр эрхэлж байгаас Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасны дагуу 25-аас дээш ажиллагчидтай 2061 байгууллагад 4921 ХБИ хөдөлмөр эрхэлж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн тус заалт бүрэн хэрэгжсэн бол 5230 байгууллагад 19544 ХБИ ажиллах боломжтой бөгөөд одоо ажиллаж буй иргэдээс гадна 14623 ХБИ ажлын байртай болох боломж байгаа юм.


Харин 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т заасны дагуу Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 273 аж ахуйн нэгж, байгууллага 969.1 сая төгрөгийн төлбөр төлсөн байна. ХХҮЕГ-ын Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн системд 2018 онд 2449 хөгжлийн бэрхшээлтэй буюу одой иргэн ажил хайгчаар бүртгүүлж, 29.6 хувь нь ажилд зуучлагдсан байна. Судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагуудыг өмчийн хэлбэрээр авч үзвэл 50.4 хувь нь хувийн, 39.3 хувь нь төрийн, 10.3 хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагууд байлаа. Эдгээр байгууллагуудын 46.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулдаг, 29.9 хувь нь ажиллуулбал зохих орон тоонд төлбөр төлдөг, 23.9 хувь нь хуулийн заалтыг хэрэгжүүлдэггүй байгууллагууд байв. Байгууллагуудад ажиллаж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 38.9 хувь нь бусад буюу ямар нэгэн эмгэг болон өвчний улмаас өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх чадвараа алдсан, 21.9 хувь нь хөдөлгөөний, 13.3 хувь нь сонсголын, 8.0 хувь нь харааны, 8.0 хувь нь ярианы бэрхшээлтэй иргэд байсан. Тэд сард дунджаар 576.1 мянган төгрөгийн цалин авч байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулж буй ажил олгогч байгууллагуудын 24.3 хувь нь тухайн иргэний бэрхшээлийн онцлогт тохирсон ажлын байрны тохируулгыг хийсэн байна. Судалгаанд хамрагдсан ААНБ-уудын 72.9 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулснаар ямар нэгэн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлээгүй бол 5.7 хувь нь ажил олгогчийн урамшуулал, 1.4 хувь нь ААНОАТ-ын хөнгөлөлт эдэлсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь заалтын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй орон тоондоо төлбөр төлдөг байгууллагуудын 45.7 хувь нь ХБИ ажилд орохоор хандаж байгаагүй, 31.4 хувь нь байгууллагын үйл ажиллагааны онцлог, хөдөлмөрийн хүнд нөхцөл, ажлын ачаалал их зэргээс шалтгаалан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах боломжгүй, 28.6 хувь нь ур чадвар шаардлагад нийцдэггүй улмаас, 14.3 хувь нь ажлын байрны тохируулга хийхэд хүндрэлтэй, 8.6 хувь нь ХБИ ажиллуулах сонирхол байхгүй учир төлбөр төлдөг гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйл, заалтыг огт хэрэгжүүлээгүй байгууллагуудаас шалтгааныг тодруулахад гуравны нэг нь энэхүү заалтын талаар нарийн сайн мэдэхгүй гэжээ. Мөн тэдний 74.1 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажилд орохоор хандаж байгаагүй, 40.7 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллах боломжтой ажлын байр байхгүй буюу хөдөлмөрийн хүнд нөхцөлтэй, 55.5 хувь нь ур чадвар нь шаардлагад нийцдэггүй, 40.7 хувь нь ажлын туршлагагүй тул ажиллуулдаггүй гэсэн хариултыг өгсөн. Тэдний 22.2 хувь нь цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах сонирхолгүй байгаагаа илэрхийлсэн байна. Судалгаанд хамрагдсан хөдөлмөр эрхэлж буй ХБИ-ийн хувьд 94.3 хувь нь цалин хөлстэй ажиллагч байна. Тэдэнд хөдөлмөр эрхлэхэд тулгарч буй гол бэрхшээл нь ажлын байрны тохируулга хийдэггүй, ажилдаа ирэх, буцах үед хүндрэл, бэрхшээлтэй байдаг гэжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажлын байрандаа зохицоход 40.0 хувь нь хүндрэл гараагүй бол үлдсэн хувьд нь ажлын ачаалал (24.3 хувь), хүсэж байсан ажлын нөхцөл биш байсан (21.4 хувь) болон бусад хүндрэлүүд гарсан гэдгээ дурьдсан.

Судалгаанаас дараах зөвлөмжийг гаргажээ:

- Хуулийн хэрэгжилт эдийн засгийн үйл ажиллагааны бүхий л салбарт хангалтгүй байгаа бөгөөд тээвэр, барилгын салбарт бусад салбаруудаас харьцангуй доогуур байгааг анхаарах;
- Хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж чадвал 14.6 мянга гаруй ХБИ-ийг ажлын байртай болгох боломж байгаа юм;
- Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйл,заалтын хууль санаачлагчийн хүсэл зоригийг ААНБ-ын ажил олгогч болон төрийн байгууллагын шийдвэр гаргагчдад ойлгуулах, сурталчилах;
- Хуулийн хэрэгжилтийг төлбөр төлснөөр хязгаарлах биш, ХБИ ажиллуулах нь давуу тал болохыг таниулах ажлыг зохион байгуулах;
- Ажил олгогчдод эерэг хандлагыг төлөвшүүлэх, татварын болон ХЭДС-ын урамшууллыг сурталчилах, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх. Мөн тохируулгатай ажлын байр бүрдүүлсэн тохиолдолд гаргасан зардалд татварын хөнгөлөлт үзүүлэх боломжийг судлах;
- Хуулийн тус заалтын хэрэгжилттэй холбоотой захиргааны тоон мэдээллийн загвараар хандлагыг улирал бүр гаргаж, хуулийн хэрэгжилтийн хяналтыг сайжруулах;
- ХБИ ажиллуулах квотыг ажлын байрны нөхцөл, боломжийг харгалзан эдийн засгийн үйл ажиллагааны салбараар ялгаатай тогтоох боломжийг нарийвчлан судлах;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүртгэл, хөдөлмөр эрхлэх чадавхийг зөв тодорхойлсон мэдээллийн санг хөгжүүлэх, чадавхжуулах сургалтыг зохион байгуулах;
- ХБИ-ийг хөдөлмөрт зуучлах ажлыг эрчимжүүлэх, энэхүү ажилд мэргэжлийн холбоодын үйл ажиллагааг уялдуулах.

СУДАЛГААНЫ ИЛТГЭЛИЙН PPT ФАЙЛ ТАТАХ



БУСАД МЭДЭЭ

01/30/2019
ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 2019 ОНЫ ТӨЛӨВ
12/25/2018
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт 2018 оны ажлаа дүгнэлээ
12/24/2018
ХНХСИ ажилтнуудынхаа дунд анхдугаар мэтгэлцээний тэмцээнийг зохион байгууллаа.
11/20/2018
"Эрдэм шинжилгээний хурал" зохион байгуулагдлаа.
10/14/2018
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗАРЛАЖ БАЙНА.
05/04/2018
ХНХСИ-ийн "Эрдэм шинжилгээний ажил, илтгэл"-ийн уралдаан 2018
02/07/2018
ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 2018 ОНЫ ТӨЛӨВ
02/07/2018
“Хөдөлмөрийн зах зээлийн 2018 оны төлөв” судалгааны ажлын танилцуулга
01/18/2018
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ ДАХИН 3% БУУРЛАА
01/11/2018
ТЭТГЭВРИЙГ ИЖИЛ МӨНГӨН ДҮНГЭЭР НЭМЭХ БОДЛОГО БАРИНА
01/10/2018
ЖИЛИЙН 12 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙГ ЭНЭ САРЫН 16-НААС ОЛГОНО
11/15/2017
С.Чинзориг сайд залуучуудад чиглэсэн төслүүдийн хамрах хүрээг өргөжүүлэхийг хүслээ
09/01/2017
ХНХЯ-ны удирдлагууд Политехник коллежүүдийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцлоо
08/29/2017
2015-2016 оны төгсөгчдийн анхааралд !!!