Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн хийж гүйцэтгэсэн судалгаануудын талаарх мэдээллийг судалгаа цэснээс татаж аваарай.
 


 

ЖИЛИЙН 12 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙГ ЭНЭ САРЫН 16-НААС ОЛГОНО

01/10/2018
by Мөнхтулга Админ
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгах талаар банкуудтай санамж бичиг байгуулан хамтран ажиллахаар болсон. Хэдийгээр энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай их явсан ч иргэдэд асууж тодруулах зүйлс олон байгаа бололтой. Нийгмийн даатгалын сангаас 381 мянга гаруй ахмад тэтгэвэр авч байгаагийн 230 мянга нь 690 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй гэсэн судалгаа бий. Өмнөх Засгийн газрын үед тэтгэврийн зээлийн хүүг гурван хувиар бууруулснаар одоо хоёр зэрэгцээ тэтгэврийн зээлийн үйлчилгээ явж байгаа билээ. Нэг нь жилийн 18 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай. Нөгөөх нь зургаан сарын хугацаатай, 15 хувийн хүүтэй. Гэвч хүү багатай, богино хугацааны зээлийг нийт тэтгэвэр авагчдын наймхан хувь нь авсан байгаагаас иргэд зээлийн хүүг бууруулахын зэрэгцээ хугацааг нь уртасгахыг хүсээд байна гэсэн дүгнэлт хийж Засгийн газраас тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах чиглэл өгсөн. Тиймээс Монголбанк, манай нийт ахмадуудын 92 хувь нь тэтгэврээ авдаг ХААН болон Төрийн банктай нэгдсэн ойлголцолд хүрч санамж бичигт гарын үсэг зурлаа.
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн тодорхой эх үүсвэрийг мөнгөн хадгаламж хэлбэрээр ХААН болон Төрийн банкинд байршуулна. Монголбанкны тухайд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилгоор энэ хоёр банкинд байршуулж байгаа чөлөөт үлдэгдлээс заавал нөөцөд байлгах 12 хувийн эх үүсвэрийг татаж авахгүй байх юм. Ингэснээр байршуулж байгаа мөнгө маань арилжааны банкиндаа зуун хувь очно. Энэ нь тэтгэврийн зээлийн хүүг буурах бодит эх үүсвэр болно гэж үзсэн. Тэтгэврийн зээлийн хүүг гурван функтээр буулгаад жилийн 12 хувийн хүүтэй болгож, хугацааг нь уртасгана. Өөрөөр хэлбэл, энэ сарын 16-наас ХААН болон Төрийн банкнаас нэг жилийн хугацаатай тэтгэврийн зээл авахад жилийн хүү 12 хувь буюу сарын нэг хувийн хүүтэй болж байгаа юм.