Хүн амын хөгжлийн бодлогын судалгааны сектор

ХҮН АМЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ЧИГЛЭЛЭЭР 

Хүн амын хөгжлийн бодлогын судалгааны сектор нь хүн ам, түүний дотор хүүхэд, залуучууд, ахмад настан, гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон жендерийн хөгжлийг хангахад чиглэсэн бодлогын суурь судалгаа, шинжилгээ хийж, бодлого боловсруулагч нарт зориулсан зөвлөмж боловсруулах үндсэн үүрэгтэй.

Хүн амын талаарх статистик мэдээллүүд:

2016 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын нийт хүн амын тоо 3.119.935 байгаагийн 30.0 хувийг 0-14 насны хүүхэд, 34.6 хувийг 15-34 насны залуучууд, 29.2 хувийг 35-59 насныхан, 6.1 хувийг 60 ба түүнээс дээш насны ахмадууд эзэлж байна.

Нийт хүн амын 49.2 хувь нь эрэгтэй, 50.8 хувь нь эмэгтэй байгаа бол 68.3 хувь нь хотод, 31.7 хувь нь хөдөө амьдарч байна. Хөгжлийн бэрхшээлтэй 100.993 иргэн байгаа нь нийт хүн амын 3.2 хувийг эзэлж байна. Улсын хэмжээнд нийт 869.849 өрх байна.

"Залуучуудын чиглэлээр мэдээллийн сан" байгуулах ажил:

Залуучуудын мэдээллийн сан нь бодлогын оновчтой шийдэл гаргахад зайлшгүй шаардлагатай тогтвортой, тогтмол мэдээллийн эх үүсвэрийг бий болгох, түүний дотор хууль, эрх зүйн баримт бичгүүд, статистик мэдээлэл, залуучуудын чиглэлээр төрөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг үнэлж, явцыг хангах зэрэг цогц нэгдсэн мэдээллийн санг төвлөрүүлэх зорилготой. Мэдээллийн санг хэрэглээнд нэвтрүүлснээр:

○ Залуучуудын талаарх статистик мэдээллийг нэг дороос авах /хувь хүний хөгжил, боловсрол соёл урлаг, спорт, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй амьдрах, хөгжих орчин, залуучуудын оролцоо/ нэгдсэн эх үүсвэртэй болно;

○ Судалгаануудын аргачлал, ангилал стандартын мэдээллийг хэрэглэгч шууд харах боломжтой;

○ Орон нутагт залуучуудыг дэмжих чиглэлээр хийгдэж буй төрийн ба төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаануудын мэдээллүүдийг төвлөрүүлэх;

○ Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, өсвөр үе, залуучуудын хөгжлийн хөтөлбөрийг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийн мэдээллийг төвлөрүүлэх, хэрэгжилтийг тухай бүр үнэлэх боломжтой;

○ Бодлого боловсруулагчид бодлогын оновчтой шийдвэр гаргахад шаардагдах бүхий л тоон мэдээллийг нэг дороос авах боломжтой болно.

 

Залуучуудын ажилгүйдэл, эдийн засгийн идэвхгүй байдлын судалгаа:

Судалгаагаар 15-34 насны залуучуудын эдийн засгийн идэвхгүй байдал, түүний дотор хөдөлмөр эрхлээгүй байгаа шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлсийг тодруулах, тэдгээр залуусыг хөдөлмөрийн зах зээлд татан оролцуулахад шаардлагатай байгаа арга замыг тодорхойлох зорилгоор зохион байгуулж байна. Ингэснээр төрийн бодлогод:

○ Ажиллах хүчин дутагдалтай байгаа салбаруудад дотоодын ажилтан бэлтгэх;

○ Тэдний ажиллах нөхцөл бололцоог хангах талаар бодлого авч хэрэгжүүлэх;

○ Ажил олгогч ажилтны хоорондын харилцааг илүү боловсронгуй болгох бодлогыг хэрэгжүүлэх зэрэг ач холбогдолтой мэдээллийг бэлтгэнэ.

Судалгааны онцлог нь урьд өмнө хийгдэж байсан судалгаанууд гол төлөв ажил олгогчдыг судалж ирсэн бол уг судалгаагаар ажил хайгч, ажлын байр олохгүй байгаа талыг судлахад оршиж байна.

Монгол Улс дах хүүхдийн бие махбодийн шийтгэл ба хууль, эрх зүйн шинэчлэлт" судалгаа:

Эцэг, эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлэх арга ухаан, хүүхдийн бие махбодийн  шийтгэлийн хэлбэр, хандлагыг судалж, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг үнэлэх суурь мэдээллийг бий болгох зорилготой  уг судалгааг Хүүхдийг Ивээх Сантай хамтран өрх, сургууль, цэцэрлэгт суурилан зохион байгуулна.

 

"Өнөр бүл" хүүхдийн төвийн хүүхдүүдийн зан төлөвийг тодорхойлох судалгаа:

ХНХЯ-ны захиалгаар "Өнөр бүл" хүүхдийн төвд хүмүүжиж буй хүүхдүүдийн зан төлөв, тэдний өөрсдийнх нь ирээдүйн талаарх төсөөлөл, амьдрах орчныг тодруулах зорилго бүхий судалгааг зохион байгуулсан. Судалгаанд тус төвд амьдарч буй бүх хүүхдүүдийг хамруулсан бөгөөд сэтгэлзүйн чиглэлээр улсын хэмжээнд хийгдсэн хамгийн том судалгаа болсноороо онцлогтой юм. Судалгааны үр дүнд суурилан тус төвийн хүүхдүүдийн ирээдүйн чиг хандлага, тэдний хүмүүжлийн нөхцөл байдал, хүүхэд-багшийн харилцааг зохицуулах, төвийн үйл ажиллагааг хэрхэн сайжруулах талаарх бодлогыг тодорхойлох суурь мэдлэгтэй болсон. Мөн цаашид хүүхэд асрах үйлчилгээг ямар хэлбэрээр явуулах боломжтой вэ гэдэг талаар тайланд тусгасан болно.

 

БОДИТ СУДАЛГАА ОНОВЧТОЙ БОДЛОГО