Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын судалгааны сектор

 
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ БОДЛОГЫН ЧИГЛЭЛЭЭР


Зорилго:

○ Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, мэргэжлийн боловсрол, хөдөлмөрийн зах зээлийн чиглэлийн судалгаа, шинжилгээ, таамаглал хийх;

○ Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого, засгийн газрын мөрийн хөтөлбөр зэрэг томоохон бодлогын баримт бичигт холбогдох хууль журам тэдгээрийн шинэчлэлд шаардлагатай суурь тоон мэдээлэл, зөвлөмжөөр хангах;

○ Хөдөлмөрийн зах зээлд оролцогч талууд/бодлого боловсруулагчид, эрдэмтэн судлаачид, аж ахуй нэгж байгууллагууд, бүрэн дунд сургууль, их дээд сургууль, МСҮТ төгсөгчид болон элсэгчид/ мэдээллийн дэмжлэг үзүүлэх.

Хийгддэг судалгаа, шинжилгээ, загварчлалын ажлууд:

○ Барометрийн судалгаа

○ Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа

○ Цалин хөлсний бүтцийн судалгаа

○ ХАБЭА-н тухай хуулийн хэрэгжилтийн судалгаа

○ Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн судалгаа

○ Хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийн төлөв байдлын судалгаа

○ Албан бус хөдөлмөр эрхлэлтийн судалгаа

○ Ажиллах хүчний гадаадад шилжих хөдөлгөөний судалгаа

○ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийн үнэлгээний судалгаа

○ Тогтвортой байдлын судалгаа

○ Хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтийн дунд, урт хугацааны таамаглал

○ Монголын хөдөлмөрийн зах зээлийн ерөнхий тэнцвэрийн загварчлал

 

Барометрийн судалгаа

Судалгааны зорилго нь хөдөлмөрийн зах зээлийн богино хугацаа буюу ирэх оны ажиллах хүчний хэрэгцээ, мөн өнгөрсөн нэг жилийн хугацаан дах ажиллах хүчний хомсдолыг эдийн засгийн үйл ажиллагааны салбар, ажил мэргэжил, байршлаар тодорхойлж, тодорхой суурь мэдээлэл, санал зөвлөмж боловсруулахад оршино. Судалгааны үр дүнд үндэслэн

○ Бодлого боловсруулагч, хэрэглэгчдийг статик мэдээлэл болон судалгааны анхдагч тоон мэдээллээр хангах;

○ Хөдөлмөрийн зах зээлийн шинэ эрэлтийг салбар, ажил мэргэжлийн түвшинд тодорхойлох;

○ Богино хугацааны сургалтын квот тогтоох;

○ Ажил мэргэжлийн чиг баримжаа, зөвлөгөө зуучлалын бодлого, үйлчилгээг чиглүүлэх үнэлгээний үзүүлэлтүүдийг тооцоолох;

○ Тухайн жилд хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг тодорхойлох суурь мэдээллийг гаргадаг.

 

Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа:

Судалгааны зорилго нь их, дээд сургууль, МБСБ-ын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, ажлын байранд зуучлагдаж буй хэлбэр, ажил олоход зарцуулж буй хугацаа, мэргэжил ур чадварын нийцэл, түүнчлэн ажлын байранд тулгарч буй хүндрэл болон ажилгүй, эдийн засгийн идэвхгүй байгаа байгаа шалтгааныг илрүүлэн бодлого боловсруулагч, их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, судлаачдыг тоон мэдээллээр хангахад чиглэгддэг.
Судалгааны үр дүнд үндэслэн:

○ Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага тэдгээрт холбоотой хууль журмын шинэчлэл, зах зээлд нийцсэн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл;

○ Залуучууд, түүний дотор их, дээд сургууль, МСҮТ-ийг шинээр төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн идэвхийн төлөв байдалд нийцүүлсэн бодлого хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх/тухайлбал, шинэ төгсөгчдөд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, ажилгүй байгаа шалтгааны гүнзгийрүүлэн судлах замаар асуудлыг шийдвэрлэх, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн хувийг нэмэгдүүлэх, мэргэжлээрээ ажиллах боломжийг бүрдүүлэх гэх мэт/;

○ Бодлого боловсруулахад богино, дунд хугацааны хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлтийн төлөв байдлын мэдээллээр хангадаг.

 

 

Цалин хөлсний бүтцийн судалгаа:

Судалгааны зорилго нь цалин хөлсний хэмжээ, түүний бүтцийг ажил мэргэжлийн ангилал, байгууллагын төрлөөр тодорхойлох, бодит цалингийн индексийг тооцох үндсэн мэдээллийг бэлтгэх, түүнчлэн бүрэн, бүрэн бус цагаар ажиллагчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цалин хөлсний хэмжээ зэргийг тодорхойлдог.
Судалгааны үр дүнд үндэслэн:

○ Цалин хөлсний хэмжээ, шагнал, урамшууллын систем, түүний талаарх бодлогын суурь мэдээллийг бий болгоно. Ингэснээр хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, журмын шинэчлэл, үнэлгээний мэдээлэлтэй болох;

○ Тухайн байгууллагын цалингийн цэсээс үнэн бодит цалингийн мэдээллийг гаргадаг тул зөвхөн нийгмийн даатгал төлдөг иргэдийн цалин бус нийт улсын дундаж цалинг нэрлэсэн болон бодит дүнгээр харах боломжтой;

○ Бүрэн, бүрэн бус цагаар ажиллагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цалингийн хэмжээ, түүний ялгавартай байдлыг тодорхойлдог тул тэдгээрт хандсан төрийн бодлого, хөтөлбөрт ашиглах боломжтой. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалинжиж буй ажилтнуудын дүр зургийг тодорхойлдог..

 

Ерөнхий тэнцвэрийн загвар, дунд, урт хугацааны таамаглал:

Ерөнхий тэнцвэрийн загварын GEMPACK програмын гол зорилго нь Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн дунд болон урт хугацааны таамаглалыг эдийн засгийн салбараар, түүнчлэн бодлогын өөрчлөлтийг нөлөөллийг тооцон таамаглах явдал юм. Загвараас хөдөлмөрийн салбарыг тодорхойлох гол индикаторуудыг тодорхойлж, хөдөлмөрийн зах зээл, түүний дотор ажил эрхлэлт, цалин хөлс зэрэг гол үзүүлэлтүүдэд нөлөөлж болох нийгэм эдийн засгийн өөрчлөлт, Засгийн Газрын ялангуяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гадаад, дотоод бодлогын нөлөөллийг урьдчилан таамагладаг. Энэхүү загварын тогтмол гаргаснаар:

○ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлого, хэрэгжүүлж буй дотоод арга хэмжээ, төсөл, хөтөлбөрүүд нь хөдөлмөрийн зах зээлд хэрхэн нөлөөлж болохыг урьдчилан таамаглах /тухайлбал, цалин нэмэгдэх, гадаадад ажиллах хүч илгээх гэх мэт/;

○ Нийгэм, эдийн засгийн гадаад, дотоод шокууд /тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, байгалийн  гамшигт үзэгдэл болох гэх мэт/ хөдөлмөрийн  зах зээлд хэрхэн нөлөөлөхийг урьдчилан таамагладаг.

 

Эдийн засгийн тэргүүлэх салбараар хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг тодорхойлох шинжилгээний ажил:

Уг шинжилгээний ажлаар Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбарыг тодорхойлон, тэдгээрт шаардлагатай ажлын байрны тоог богино, дунд /2017-2020 он хүртэл/ хугацаагаар тодорхойлдог. Шинжилгээний ажлын үр дүнд үндэслэн;

○ Тэргүүлэх салбаруудад ажиллах хүчний богино, дунд хугацааны эрэлтийн зураглалыг гаргах, цаашид шаардлагатай мэргэжилтэн бэлтгэх чиглэлийн бодлогыг тодорхойлох;

○ Хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсролын бодлогын баримт бичгийг нарийвчлан боловсруулах суурь мэдээллийг бэлтгэх;

○ Тэргүүлэх салбар /2017 онд хөдөө аж ахуй, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл/-ын хөгжил цаашдын чиг хандлагыг хөдөлмөрийн салбартай уялдуулан хөгжүүлэх бодлогод ашигладаг.

 

Ажил олгогчоос ажилтанд тавигдах шаардлагыг үнэлэх судалгаа:

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын хамгийн түгээмэл бэлтгэж буй  мэргэжлийг сонгон, ажил олгогчийн тавьж буй ур чадварын шаардлагыг дэлгэрэнгүй судлах зорилго бүхий судалгаа юм. Ажил олгогчдын тавьдаг мэргэжлийн болон ерөнхий ур чадварын шаардлагыг  судалснаар мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын бодлого хөтөлбөр, цаашлаад холбогдох хууль, журмын шинэчлэлд шаардлагатай мэдээллээр хангах үндэс болно. Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын бэлтгэдэг боловсон хүчин, шинэ төгсөгчдийн чадваржуулан хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай ажиллах хүчин болгон бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.
.

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай  хуулийн хэрэгжилтийн судалгаа:

Энэхүү судалгаа нь ХАБЭА-н тухай хуулийн хэрэгжилт, үр нөлөөг судлах зорилготой бөгөөд 2016 оны судалгаанд барилга, боловсруулах үйлдвэрлэл болон цахилгаан, хий, уур агааржуулалтын хангамжийн салбарын нийт 766 ААНБ-ын ажил олгогч, 6037 ажиллагчдыг улсын хэмжээнд хамрууллаа.
.

 

 

БОДИТ СУДАЛГАА ОНОВЧТОЙ БОДЛОГО